
Гүн цочролд орсон хүн үйлдлээ хянаж чадахгүй байдалд хүрдэг. Мэдээж хэн ч үр хүүхдээ өнчрүүлж, ганцаараа хорвоог элээхийг хүсэхгүй. Энэ удаагийн зөвлөгөөгөөр бүсгүйчүүдэд энэхүү болзошгүй нөхцөл байдлын тулгарвал хэрхэн гэр бүлээ хадгалж үлдэх талаар бэлтгэлээ.
Асуултын хариуг өөрөөсөө хай
Ийм нөхцөлд орсон бүсгүй юун түрүүнд "Яагаад намайг хуурах болов?" гэж эр нөхрөөсөө асуухыг хүсдэг. Энэ асуултын хариуг өөрөөсөө хайх гээд үзээрэй. Та нөхрөө хайр ахаламжаар дутааж байсан юм биш биз? Орчин үеийн гэр бүлүүд идэвхгүй болж буй нэг шалтгаан нь хэт их ажил хэмээн сэтгэлзүйчид үздэг. Сүүлийн жилүүдэд түүнийг гэртээ ирэхэд нь дуртай дургүй хоолыг нь аягалж өгчихөөд, шөнө дөл хүрэтл бичиг цаас эсвэл гэрийн ажилтай ноцолдсоор, орорндоо орсон ч цаашаа хараад унтаад өгдөг зуршил танд тогтсон байж мэднэ. Эрэгтэйчүүд яг л хүүхэд шиг улс гэдгийг бүү мартаарай. Тэд далдуур таньтай анх танилцсан үеийнхээ сайхан дурсамжийг сэргээхийг хүсдэг. Гэтэл таны түүнд зориулаагүй сэтгэлийг өөр нэг эмэгтэй мэдрүүлээд эхэлвэл эр хүн эрхгүй түүнд татагдаж эхлэх нь ойлгомжтой. Өөртэйгөө сайн ярилцаж, эр нөхрийнхөө урвалтын шалтгааныг олвол тайвширахад ч, энэ талаар "арга хэмжээ" авахад ч тустай.
Түүнийг чин сэтгэлээсээ хайрла
Таны нөхрийг өөр эмэгтэй хайрлаж байна гэдэг нэг талаараа түүнийг ямар сайхан эр болохыг нотолж байна. Түүний урвалт уурыг тань хүргэж байсан ч эр нөхрийнхөө хэдэн жилийн өмнхө дүр төрхийг олж харахыг хичээгээрэй. Хайр гэдэг зүйлийг ихэнх ном зохиол дээр үүрд мөнх дүрэлздэг гал адил дүрсэлдэг ч, цаг хугацаа өнгөрөхийн хирээр мөхөж эхэлдэг нь нууц биш. Гэвч түүнийг гэрлэлтийн эхний жилүүдийнх шигээ халамжилвал удалгүй алдаагаа ухаарна гэдэгт итгээрэй. Ажлаасаа илүү гэр бүлдээ цаг гарга. Өдөр утас руу нь залгаад орой дуртай хоолыг нь хийх гэж байгаа талаар эсвэл түүнд шинэ цамц худалдаж авснаа хэл. Ажилдаа явах,хувцсаа угаах, хүүхдээ цэцэрлгээс нь авах гэх мэтчилэн маш завгүй явсаар нэг л мэдэхэд өдрийн 24 цагийн таван хормыг ч хайртдаа зориулахаа мартсан байх вий.
Бууж өгч болохгүй
Зарим бүсгүйчүүд гэрээсээ хувцсаа цүнхэлж авад явах нь бий. Гэм нүглээ ухаараад өөрөө ирж уучлалт гухйгы нь хүлээх гэж тэр. Энэ нь тийм ч ухаалаг алхам биш. Учир нь ийм найдлага тавьсан эмэгтэйчүүд ихэвчлэн нөхрөө нууц амрагт нь үүрд алдсанаар төгсдөг. Бууж өгөхийн оронд түүнийг урвах болсон шалтгааныг олж, сэтгэлийг нь эргүүлэх нь зуу дахин зөв сонголт юм. Эмэгтэйчүүд бидэнд эрчүүдийг татах нуугдмал олон хүч бий. Та нөхөртэйгөө насан туршдаа хамт амьдрахыг хүсдэг биз дээ? Эцсийн дүнд таны хань өтлөх насандаа "нууц амраг"-ийнхаа биш таны гараас цай ууж, таньтай л залуу насныхаа тухай хууч хөөрч суухыг хүсдэг.