2010/07/27

Бидний хий хоосон айдас...

Бүсгүйчүүд бидний амьдралд айх зүйл мундахгүй. Сарын тэмдэг юбка нэвтлэхээс авахуулаад, хумсаа хугарахаас хүртэл айна гээч. Харин эрчүүд иймэрхүү зүйлд төдийлөн ач холбогдол өгдөггүй. Ингээд бодохоор энэ нь бидний төрөлхийн онцлог ч юм шиг.
Image hosting by IMGBoot.com
Хэн нэгний "алган дээр бөмбөрч" л явахгүй бол бид яана даа гэж хааяа бодогддог юм. Үүнээс гадна зарим ямар ч айх шаардлагагүй зүйлс бидний зүрхийг хурдан хурдан цохилуулж, сандрахад хүргэдгийг саяхныг хүртэл анзаараагүй явлаа. Дотны найзуудаас минь эхлүүлээд, хамт ажиллагсад, алдартай дуучид гээд миний бие болон зүс таних олон бүсгүйчүүд хий хоосноос багагүй айж явдаг юм билээ. Шалтгаан нь өөртөө итгэх итгэлтэй салшгүй холбоотой юм гэсэн бяцхан дүгнэлтэнд хүрээд энэ тухайгаа Заяазын эрхэм уншигчдад бушуухан хүргэхээр компьютерийнхээ өмнө суусан минь энэ. Хонгорхон бүсгүй минь танд ч бас доорхи айдсын нэг нь илэрдэг юм биш биз?

Дарга чамайг дуудуулсан гэнэ...

Хэн нэгэн ингэж хэлэхэд өөрийн мэдэлгүй "Би ямар нэг хэрэг тарьчихаагүй байгаа даа" хэмээн бодоод амждаг. Дарга гэхээр хөмсгөө зангидсан, дандаа зандарч байдаг хүн аятай л. Энэ айдас өөрийн чадварыг дутуу үнэлдгээс үүдэлтэй мэт. Таныг өчигдрөөс өнөөдрийг хүртэлх алхам бүрээ тооцоолж, ямар алдаа гаргаснаа хөөж суух зуур таны дарга өрөөндөө тушаал дэвшүүлэх санал тавихаар инээмсэглэн суугаа байж ч мэднэ.

Хүмүүс намайг юу гэж бодож байгаа бол?
Бид бол энэ хорвоод өнгө нэмж байгаа алаг цэцэгс шүү дээ. Дэлхий дээр зөвхөн эрчүүд амьдардаг байсан бол амьдрал ямар бүрсгэр саарал байх байсан бол? Тиймээс
бүх л эмэгтэйчүүд сайхан. Ийм байтал өөрийн гоо үзэсгэлэндээ эргэлзэх хэрэг юу байна? Багахан мяраа таныг улам өхөөрдөм болгодог. Нүүрэн дээрх мэнгэ таныг чимдэг юм шүү. Тиймээс хүмүүс таныг юу гэж бодож байгаа талаар огтхон ч санаа зовоод хэрэггүй.

Хайртыгаа алдахаас эмээнэ
Энэ айдас нь дээрхийн адил гоо үзэсгэлэнгээс гадна дур булаам байдлаа мэддэггүйгээс үүдэлтэй аж. Эрчүүд өөрийгөө голж, гоочилдог эмэгтэйд хамгийн дургүй. Харин юу ч болсон өөртөө итгэлтэй байдаг бүсгүй тэдний анхаарлыг соронзон мэт татаж, хайрыг нь өдөр ирэх тусам дүрэлзүүлдэг гэнэ шүү. Таны энэ хий хоосон айдас хардалт хэмээх бүх хэрүүлийн үндсийг бий болгодог.

Үнэтэй юм худалдаж авчихаад...
Яахын аргагүй нүд унагаад байхаар өөрийгөө барьж дийлэлгүй түрийвчээ хоосолчихоод дараа нь харамсдаг бүсгүйчүүд бий. Бүү харамса. Тэр мөнгийг та амь насанд тулсан яаралтай зүйлд зарцуулах гэж байгаагүй нь тодорхой. Хэрэв тийм мөнгө байсан бол бид гар цүнх лүүгээ гараа сунгах ч үгүй байсан. Эмэгтэйчүүд бид ухамсартай шүү дээ. Тиймээс сарын халаасны мөнгө жаахан хорогдсоны төлөө айдас тээх хэрэггүй шүү дээ.

Өнөөдөр би нэгэн том уран бүтээлчтэй уулзахаасаа сүрдэж, эмээж байгаа тухайгаа найздаа хэлтэл тэр "Яг үнэндээ тэр тийм ч хэцүү ажил биш биз дээ?" гэж билээ. Үнэхээр хий хоосон айдас бидний амьдралд олон. Үүнийг даван туулахад зөвхөн өөртөө итгэх итгэл л чухал.
blog comments powered by Disqus