2010/07/21

Бундын хатан /1-р хэсэг/

“Надад өөр сонголт алга. Би тэвчихгүй нь. Хоёулаа салъя” гэж хэлээд тэр над луу “Уучлаач” гэсэн харцаар ширтэв. Цээжнээс нэг юм огшоод л ирлээ. Уйлах гэсэндээ биш л дээ. Уур хүрсэндээ тэр. Хөмхийгөө зуун, зэвүүцэнгүй инээмсэглэлээр түүнийг “мялаачихаад” цэцэрлгийн модон сандалнаас босон машин луугаа явлаа.
Image hosting by IMGBoot.com
“Одоохон хойноос гүйгээд ирнэ дээ” гэж бодон бардам алхсан боловч ямар ч хөлийн чимээ сонсогдсонгүй. Цэцэрлгээс 100 метрийн зайтай байсан улбар шар өнгийн Мурано машиныхаа дохиоллыг унтраагаад орж суулаа. Машинаа асаахад автоматаар “Серебро” хамтлагийн “Не Время” электроник дуу явж эхлэв. Хөдлөхөөсөө өмнө хэсэг амьсгаагаа дарж, зүрхээ тайвшруулах хэрэгтэй боллоо. Яаж ч бодсон итгэхгүй юм. Сая минутын өмнө хэн нэгэн намайг хаячихав уу даа? Өдийг хүртэл хүнд “Салъя” гэж хэлж байснаас хүнээс сонсож байсангүй. Хаазаа гишгээд чигээрээ хурдаллаа.
Эрчүүдийг өөрөө хаячихаад, дараа нь дэлгүүрээс шинэ хувцас аван дараагийн залуугийн эрэлд гардаг минь бараг зуршил болчихсон байв. Харин хүнд ХАЯГДАХААРАА юу хийх ёстойгоо сайн мэдэхгүй л байв. Хамаг ажил бүтэлгүйтчихсэн юм шиг дотор давчдаад нэг л биш. “Олон хүнтэй уулзаж байж л өөрт тохирох хүнийг олж авна ш дээ. Залуус өөрсдөө над руу залгаад байснаас би ямар өөрөө залгасан биш?” гэж өөрийгөө зөвтгөхийг оролдов. Заншсанаараа машины урд талын толинд өөрийн жавхаалаг алаг нүд, зузаавтар уруул, бага зэрэг долгионтой гил хар үс, ихэмсэг төрхөө харан харан явлаа.
Зуны дулаахан үдэш гудамжаар машингүй шахуу байсан учир хурдаа 70 км хүртэл нь нэмэв. Бүх найзууд руугаа залгасан боловч ажил, хүүхэд, нөхөр гэсэн гуравхан шалтгаанаар уулзахаас татгалзсан хариу өгөх юм. Өөдгүй охид. Найз нь анх удаа хүнд хаягдчихаад байхад...гэсэн бодол тээсээр байрныхаа булангаар баруун эргэлээ.
Тоормосоо гишгэн буухаасаа өмнө хэсэг тээнэгэлзэн суулаа. Утасныхаа жагсаалтыг доош гүйлгэн хань татах хүн хайж байтал Тэмка гэж томоор тэмдэглэсэн нэр нүдэнд тусав. Тэмүүжин бид хоёр бие биенээ долоон настайгаасаа хойш мэддэг юм. Түүнтэй уулзаагүй жил гаруй болсноо санаад ногоон товчоо даран, дугаар луу нь залгалаа.
-Байна уу? гэж танил боловч урьдныхаасаа жаахан баргил хоолойтой найз минь утсаа авав.
-Байна байна. За сайн уу? Юу байна? Зав байна уу?
-Одоо 10 цагаас ажил тарна. Зав гаргаж болох байх гэж хэлэхэд нь би ажлыг нь асуух гэснээ саяхан өөрийн нэр дээр зоогийн газар нээсэн гэдгийг нь дуулаад хаягийг нь хаа нэгтээ тэмдэглэж авснаа санав.
-За за. Тэгвэл найз нь яваад очъё. Чи байж байгаарай.
Улаан товчийг даран, бөглөрөөд байсан уур, бухимдлаа хуваалцах хүн олсондоо баярлаад машинаа эргүүллээ. Түүн лүү цагаа олж ярилаа хэмээн бодлоо. Учир нь түүний хувьд би жирийн нэг найз нь биш байсан юм. Өөрөөр хэлвэл би түүний анхны хайр нь. Бид хоёрын аав ээжүүд хоорондоо дотно найзууд байсан учир гэр, зуслангийн байшин хоёр нь манайхтай хөрш байрладаг байлаа. Одоо бидний аль аль нь нүүсэн л дээ. Тэр надад баяр болгоноор ямар нэг бэлэг илгээдэг. Ийм үед л өөрийн “мятрашгүй шүтэн бишрэгч” дээрээ очиж аргадуулах ёстой биш гэж үү? Хэн нэгэн намайг түлхвэл, өөдөөс үг дуугүй тэврээд авах хүн дээр очиж сэтгэлээ засах хэрэгтэй хэмээх бодол намайг тайвшруулав. Хотын өндөр нам байшингууд дундуур сүлжсээр “Clair De Lune” рестораны үүдэнд ирлээ. Эндхийн хажуугаар олон удаа өнгөрч байсан ч нэг ч удаа орж үзээгүй, оръё ч гэж боддоггүй байсан юм. Бага байхад “Чиний дуртай спагеттиг хийж өгье” гээд л гэртээ урьдаг байсан бяцхан хөвүүн том рестораны эзэн, ахлах тогооч болчих юм гэж хэн санах билээ. Хааяа амттай хоол идмээр санагдахаараа л эрхгүй Тэмкаг санадаг юм.
Нүд гялбам олон гэрлээр чимэглэсэн хаалгаар ороход шинээр нээгдсэндээ ч тэр үү, хаах дөхсөн болоод ч тэр үү ширээнүүд бараг хоосон байв. Тэкэн дээр цаашаа харан сууж байсан хар хослолтой залуу эргэж хараад инээмсэглэв. Эрүүн доогуур нь бага зэрэг сахал ургаж, илүү эршүүд төрхтэй болсноос биш найз минь яг л хэвээрээ байлаа.
-Олоод ирэв үү? гээд тэр эелдэг инээмсэглэсээр угтаж ирэв. Намайг хамгийн цаад талын ширээн дээр суулгаж, хоол аваад ирье хэмээгээд тэр гал тогоо луугаа явав. Хэдэн хормын дараа Тэмүүжин хоёр тавагтай стейк, 1 шил дарстай барьсаар ирлээ. -Ирдэг чинь сайн боллоо. Би ойрд оройн хоол идэж амжихгүй байсан юм. Чиний ачаар хооллох нь гээд тэр ширээнд суув.
-Тогооч юм байж хоол идэж амжихгүй байхдаа яах вэ дээ гэж би дооглонгүй хэлээд амтархан идэж эхэллээ.
-Чи улам үзэсгэлэнтэй болжээ.
-Харин чи илүү “том” болчихож.
-Үргэлж л цүнхийг чинь бариад дагадаг пацаан байна гэж бодоогүй биз дээ гээд түүнийг нүдээрээ инээмсэглэхэд нь би царайг нь өөрийн мэдэлгүй тогтож харав. Сая ямар царайлаг харагдав аа? Урьд нь энэ тод хөмсөг, өндөр хамар, зөв хэлбэртэй уруулыг нь яагаад анзаардаггүй байсан юм бол хэмээн би дотроо дэггүйтээд амжлаа. Хоолоо идэнгээ яриа, байгаа байдал, үйл хөдлөлийг нь анхааралтай ажиглахаар шийдэв. Миний нүд лүү эгцлэн хараад яриагаа үргэлжлүүлэх нь дур булаам. Хацар нь ялигүй хонхойдог юм байна. Эрүүн дэх сахал нь өөрт нь зохижээ. Гараа хөдөлгөх нь яриаг нь улам сонирхолтой болгоно. Сэтгэлд минь хөнгөхөн санаа алдалт, баяр баясалтай зэрэгцэн төрлөө. Тэмүүжингээс би өнгөрсөн 16 жилийн турш огт харагддаггүй байсан өөртөө итгэлтэй байдал, сайхан царай төрхийг олж харав. Эсвэл би урьд нь анзаардаггүй байсан байж мэднэ. Багаасаа нэгнээ сайн мэддэг байсан хүмүүс хамгийн сайхан хос болдог гэж найзын маань хэлж байсан санаанд оров. Яриаг нь сонсонгоо давхар “Би түүнд боломж олгох хэрэгтэй байх? Миний хайж байсан хүн тэр мөн ч юм билүү?” гэсэн бодолд ээрэгдэн сууж байтал тэр ярихаа түр зогсоод энгэрийнхээ халааснаас түрийвч гаргаж ирэв.
-Чамд дуулгах баяртай мэдээ байна гээд түрийвчнээсээ нэгэн эмэгтэйн зургийг гаргаж ирлээ. -Найз нь сүй тавьсан. Дараа сарын сүүлээр хуримаа хийнэ гэх нь тэр. Зүрхэнд төрөөд байсан баяр догдлол үнсэн нурам болж, цээж хорсох шиг санагдлаа. Балмагдсандаа нүдээ ч цавчлахгүй түүний өөдөөс хэдэн секунд ширтсэнээ гэнэт анзаараад гараас нь зургийг аваад харлаа. Над руу аятайхан, даруухан төрхтэй, харваас эелдэг, сайхан сэтгэлтэй охин инээж байв. Долоон наснаасаа л миний нүдэнд өртөх гэж урд хойно гүйдэг байсан түүний амьдралд надаас өөр эмэгтэй хүн байна гэдэгт итгэх үнэхээр бэрх санагдлаа. “Намайг гэх найдвараа алдаад, хайргүй хүнтэйгээ гэрлэх гэсэн юм биш биз” гэж бодсондоо нүд лүү нь харж байгаад
-Чи түүндээ хайртай юу гэж асуув.
-Маш их хайртай. Тэр миний анхны хайр гэх үү дээ. Нэрийг нь Солонго гэдэг юм. Найзыг нь жинхэнэ аз жаргалтай болгосон хүн дээ.
-Аан тийм үү? гэж хэлэхэд миний хоолой бага зэрэг зангирах шиг болов. Байж боломгүй юм. Чиний хайртай хүн би шүү дээ? гэж аман дээр гарсан ч хэлж зүрхэлсэнгүй. Найз бүсгүйнхээ тухай ярихдаа түрүүн намайг харснаасаа илүү нүд нь гэрэлтэж, жаргалтай болж байгаа нь мэдэгдэж байв. Өнгөрсөн жил миний төрсөн өдрөөр надад цэцэг, бэлэг өгчихөөд харьж явахдаа Солонготой танилцсан гэнэ. Тэгэхэд би гэртээ өөр нэг залуутай тэврэлдээд, хаана хоол идэхээ ярилцаж байхад Тэмүүжин алтанзулын баглаа, том улаан хайрцагтай бэлэгтэй тэврэн орж ирж байсан нь санаанд оров. Би тэр үед түүнийг тоолгүй, “Бэлгээ тавьчихаад яв даа, баярлалаа” гэсэн үгээр урмыг нь хугалан буцааж байсансан. Түүний хайрын түүх миний сэтгэлийг тавгүйтүүлж, Солонгоод атаархах сэтгэл төрүүлэв. Яриан дундуур нь таслаад
“Танайд шар айраг бий юу? Өнөөдөр намайг явтал хаахгүй биз дээ?” гэлээ.
-Би ажилчдаа явуулчихаад, чамтай жаал сууж байгаад харина аа. Хэд хүргэсэн ч хамаагүй ээ. Удаан уулзаагүй найз маань ирчихээд байхад гээд тэр зөөгчид хоёр шил Budweiser захив.
ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ? ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ? ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ? ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ?